А.Нансалмаа: АСЕМ-д ажилласныхаа дараа Монголдоо үлдэхээр шийдсэн

Хийж бүтээх үйлсээр жигүүрлэн яваа олон залуусын төлөөлөл болгож “NSM STUDIO” компанийн захирал А.Нансалмааг урьж ярилцлаа. Тэрбээр БНСУ-д найман жил суралцаад, саяхан эх орондоо ирсэн ч хэдийнээ өөрийн компанийг байгуулан сурах, суралцах, бүтээх, хөгжүүлэх үйлсийн төлөө цаг наргүй зүтгэж байна. Завгүй ажлынх нь дэргэдүүр, түүнтэй зорьж буй үйлсийнх нь талаар ярилцлаа.

-Солонгост найман жил суралцсан гэсэн. Яагаад заавал БНСУ-ыг сонгож суралцахаар болов. Энэ талаараа ярихгүй юу?

-Би БНСУ явахаасаа өмнө “Улаанбаатар” дээд сургуульд солонгос хэлний багш орчуулагчийн мэргэжлээр суралцаж байсан. Нэгдүгээр курсээ төгссөний дараагаар “Яагаад энэ мэргэжил надад хэрэгтэй гэж” нэлээн бодсон л доо. Тэгээд ирээдүйд хэл хэрэглээ болох байсан учир хэлийг нь сурсан юм чинь БНСУ-д очиж суралцъя гэж шийдсэн.

БНСУ-ын Инчеон хотын Ин Ха их сургуульд архитекторын чиглэлээр зургаан жил суралцаад хоёр ажиллаад 2016 онд Монголдоо ирсэн. Хоёр жил ажиллахдаа эхний нэг жил нь солонгос хэл дээр англи хэлийг хэрхэн суралцах вэ гэдэгт төвлөрч, Сургуулиа төгссөнийхөө дараагаар профессорынхоо удирдлага дор ажиллаж байсан. Сүүлийн нэг жил нь Инчеон хотын хот төлөвлөлтийн судалгааны багт ажилласан. Мөн Инчеон дүүргийн хойд дүүргийн хотын даргын албан ёсны арга хэмжээнүүдэд орчуулагчаар ажиллаж байсан.

-Цаашдаа БНСУ-д ажиллах боломж байсан ч эх орондоо ирээд ажиллаж байна. Монголдоо буцаж ирэхэд танд юу нөлөөлсөн бэ. Хөлтэй бүхэн л БНСУ-ыг зорьж байна?

-Профессор багш маань үргэлжлүүлэн магистртаа суралцах санал тавьж, ерөнхийдөө суралцахаар шийдсэн байсан. Түр хугацаагаар Монголдоо ирээд буцах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл энэ үеэр Монголд АСЕМ болж таарсан. Эх оронд минь болж байгаа энэ том үйл явдалд бага ч болов хувь нэмрээ оруулахаар шийдэж, АСЕМ-д сайн дурын ажилтнаар ажилласан. 

Ажиллаж хугацаандаа анзаарч байхад монгол залуучууд маш их мэдлэгтэй болж, Монголоо гэх сэтгэлтэй олон хүн бий болсныг олж харсан. Ерөнхийдөө надад эерэг бодол бий болсон учраас Монголдоо ирж амьдрах нь зөв юм байна гэж шийдээд, буцаж очоод бүх зүйлээ авчирсан даа.  

-АСЕМ-д Монголын олон шилдэг залуус оролцсон. Тэднээс суралцах зүйл юу байв?

-АСЕМ-д ажилласан залуусыг харахад маш их хэлний чадвартай болсон байгаа нь анзаарагдсан. Монгол залуусын харилцах чадвар, хэлний мэдлэг, биеэ авч явж байгаа байдал нь өндөр түвшинд бэлтгэгдсэн байгааг хараад бахархсан л даа. Ерөнхийдөө Монголын маань нэг үнэт баялаг залуус болжээ гэдгийг олж анзаарсан. Хэдийгээр би ажлаа хийгээд явж байгаа ч гэсэн хамт ажиллаж байгаа залуусаасаа суралцах зүйл их байсан. АСЕМ-д сайн дурын ажилтнаар ажиллах нь сайхан санагдсан учир “Пёнчан 2018” өвлийн олимпт сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтээ илгээсэн. Тэнцсэн гэсэн хариугаа хэдхэн хоногийн хүлээж авсан.   

-“NSM STUDIO” компанийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Одоогоор дэргэдээ “EDU S” сургалтын төв, “DESIGN S” дизайн студи, “PROJECT S” архитектор төслийн баг болон “SOCIAL S” олон нийтийн нээлттэй студи ажиллуулж байгаа гэсэн.  

-2017 оны хоёрдугаар сард компаниа байгуулсан. Гадаадад цөөнгүй жил болсон болохоор Монголынхоо нийгмийн талаар тийм ч сайн ойлголтгүй, хууль эрх зүйн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Тиймээс хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчинг судлахаар зорьж хуулийн чиглэлээр суралцаж байна. Монголд байхгүй байсан хугацааг хуулийн сургууль нөхөж өгч байгаа учраас зөв зүйл рүүгээ гүйгээд орсон гэж бодож байгаа.

Анх уг нь компаниа мэргэжлийнхээ чиглэлээр байгуулах гэж байсан боловч арай эртдэх юм шиг санагдсан. Тиймээс ямар чиглэлээр компани байгуулах вэ гэж нэлээн удаан бодсоны эцэст компанийнхаа одоогийн бүтцийг гаргаж ирсэн. “DESIGN S” дизайн студид барилгын дизайн гаргахаас гадна интерьер болон хувцасны дизайн ч гаргана. “PROJECT S” архитектор төслийн баг нь ерөнхийдөө төсөл дээр төвлөрч ажиллах юм.

Энэд бэлтгэгдсэн төслүүд маань “SOCIAL S” олон нийтийн студиэр дамжаад нийгэмд хүрэх юм. “SOCIAL S” олон нийтийн студиэрээ дамжуулан олон нийтийн боловсрол, залуучуудад чиглэсэн олон зүйлийг хийх болно.  

-Та уг нь архитекторын чиглэлээр зургаан жил хүний нутагт суралцсан. Яагаад мэргэжлээрээ ажиллахгүй, өөр зүйлийг хийгээд байна вэ? 

-Компаниа дөнгөж л байгуулаад эхний салбараа хөл дээр нь босгох гээд хичээж байна. Одоогоор “EDU S” хэлний сургалтын төвдөө гол анхаарлаа хандуулаад явж байна. Яагаад архитектор байж, хэлний сургалтын төв байгуулснаа тайлбарлая л даа. Би Монголдоо ирснийхээ дараа хоёр зүйлийг хамгийн түрүүнд олж анзаарсан. Нэгдүгээрт, ихэнх эцэг эхчүүд гадаадад хүүхдээ сургах нь давуу тал юм байна гэдгийг олоод харчихсан, бас ойлгосон байсан. 

Хоёрдугаарт, Монголын боловсролын түвшин үнэхээр хангалтгүй байна гэсэн бодол төрсөн юм. Тиймээс боловсролын системд өөрийнхөө багахан ч болов хувь нэмрийг оруулж, гаднын улс руу явж буй мөнгөний урсгалын өчүүхнийг нь ч болов Монголдоо тогтоох юмсан гэсэн бодлоор хэлний сургалтын төвөө байгуулсан. Тиймээс бага зардлаар богино хугацаанд хэл сурах боломж олгохыг зорьж, 2017 ондоо багтаж бүртгүүлсэн бүх хүүхдүүдэд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг зорьж байна.  

-“EDU-S” cургалтын төвийнхөө үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Бусад сургалтын төвөөс юугаараа онцлог вэ?

-Сургалтын төвийн маань үйл ажиллагаа өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн. “EDU S” сургалтын төвийн гол онцлог нь солонгос хэлний мэдлэгийг цогц хөтөлбөрөөр олгохоороо онцлог юм. Сургалтыг өндөр түвшний чадварлаг багш нар заахаас гадна солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын арга барил, аргачлалыг зааж, TOPIK II-ын тав, зургаадугаар шатанд тэнцэх хүртэл бэлдэнэ. Үүний дараагаар БНСУ-ын их дээд сургуулиудад зуучилдаг.

Сургалтын төвийг маань зорин ирж байгаа хүүхдүүдээс хамгийн түрүүнд зорилгыг нь бичүүлж авдаг. Үүнийхээ дараагаар хүүхэд бүрд төлөвлөгөө гаргадаг. Жишээлбэл, эмчийн мэргэжил эзэмшихээр БНСУ-д суралцах гэж байгаа бол БНСУ-ын энэ сургууль хамгийн шилдэг нь, энэ сургуульд орсон байхын тулд ийм ийм шалгуурыг хангасан байх ёстой, чиний суралцахыг хүсэж буй сургууль ийм ийм давуу талтай гэдгийг тайлбарлаж ойлгуулдаг. Хүүхэд бүрд тусгайлсан нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаснаар хүүхдүүд илүү их хүсэл бас зорилготой болж шаргуу хөдөлмөрлөдөг.  

-Анзаарч байхад солонгос оюутнуудын давуу тал юу байв. БНСУ-ын хувьд боловсролоо тэргүүлдэг орнуудын нэг шүү дээ? 

-БНСУ-д “Өөрийн гэсэн мэдлэггүй, ямар нэгэн давуу талгүй бол чи хэн ч биш” гэсэн бодлыг багаас нь суулгадаг. Боловсролын тогтолцоогоороо үүнийг шийддэг. Жишээлбэл, хүүхдийг сургуульд орсон цагаас нь эхлэн хичээлээс гадуурх спорт, урлагийн ямар нэгэн дугуйланд явуулдаг.

Хичээлээ тарсны дараагаар дугуйлан секцдээ явж, аав, ээжтэйгээ зэрэгцээд л орой хамт ирдэг. Тиймээс хүүхэд байхаас нь л би ингэж л ажиллах юм байна гэсэн ухамсар суудаг. Солонгост “Цаг бол алт”, “Амласан бол амлалт”, “Хийнэ гэсэн бол хий” гэсэн зарчим үйлчилдэг.  

-БНСУ-д суралцсанаар таны хувьд олж авсан хамгийн үнэтэй зүйл юу вэ?

-Үеийнхээ хүүхдүүдээс арай нэг алхмын өмнө яваад байна уу гэж харж байгаа. Цагийн төлөвлөлт, хувь хүний менежментийн талд дэвшилттэй олон зүйл олж авсан юм болов уу гэж боддог. Миний хувьд 20-тойдоо БНСУ руу явж байсан. Хувь хүнийхээ хувьд төлөвшиж амжаагүй насандаа явсан гэх үү дээ. Тиймээс энд байх хугацаандаа хувь хүний үүрэг, зорилго, өөрт оногдсон үүрэг даалгаврыг ойлгосон.  

-“Залуус” булангийнхаа зочдоос ойрын таван жилийн төлөвлөгөөг асуудаг уламжлалтай. Гэхдээ таны ярианаас анзаарахад компанидаа бүхий л цаг заваа зориулахаар төлөвлөсөн шиг санагдлаа. 

-Тийм ээ. Ойрын таван жилдээ компанийнхаа үйл ажиллагаанд л төвлөрч ажиллана. Дөрвөн салбар тус бүрээ нэг, нэг жилийн хугацаатай хөл дээр нь босгох төлөвлөгөөтэй. Жилийн дотор хөл дээр нь босгож чадах уу гэдэг бас л асуудал шүү дээ. Зорилго тодорхой болчихоор хүний бие нь хүртэл цаанаасаа бэлтгэгддэг юм байна. “Төмөр биетэй хүүхэн” гэдэг үгийг ойр дотнынхноосоо их сонсож байгаа. 

-“EDU-S” cургалтын төвдөө одоогоор төвлөрч ажиллаж байгаа. Цаашдаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?

-Цаашдаа сургалтынхаа төвд англи, япон, хятад хэлний анги нээх зорилготой. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ үндэслээд тус бүрд нь хөтөлбөр боловсруулах гээд ажиллаж байна. 

-Архитекторын мэргэжлийн сайхныг юу гэж боддог вэ?

-Ямар азаар энэ мэргэжлийг сонгоо вэ гэж хааяа боддог юм. Архитектор байхын тулд маш олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг. Жишээлбэл, наад зах нь философи болоод хүн судлалын талаар мэдлэгтэй, урлагийн болоод инженерийн мэдрэмжтэй байхыг шаарддаг. Барилгын салбарт илүү ихийг мэдэж байж, шинэлэг зүйл бүтээх боломжтой. Тиймээс бусад орны хүмүүстэй мэдлэг мэдээллээ солилцож байх нь маш чухал гэж боддог.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: https://ganada.edu.mn/surgalt/

Тэтгэлэгийн дэлгэрэнгүй мэдээллийг: https://ganada.edu.mn/

Scroll to Top